Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хороонд буюу Дарь-Эх, Монел орчимд үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 70 ажилтан, 20 орчим машин техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд тухайн үер буусан байршлуудад нийт 6870 орчим хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласан. Үүнээс одоогоор 3180 гаруй хэрэглэгчийн цахилгааныг эргүүлэн өгөөд буй. Мөн 57 дэд өртөөний 3680 хэрэглэгчийн цахилгаан, эрчим хүчийг хязгаарласан хэвээр байна.

Мөн НҮБ 11.9 сая, “Шунхлай групп” ХХК 100 сая, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгөв. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импекс”, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэд 113,906 ширхэг бараа материалын тусламж үзүүлсэн юм. Тэрчлэн Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи Интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК тэргүүтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэд, лам нар нийт 28,000 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин түмэн, ард иргэдээс 100 хонь хандивласан.

Түүнчлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч-инженер Г.Ганболдоос өндөр хүчдэл унасны улмаас хүний амь эрсэдсэн мэдээллийн талаар тодруулахад “Цахимаар яваад буй мэдээллийн дагуу манай шуурхай бригад очиж, газар дээр нь үзлэг шалгалт хийхэд тухайн хаяг орчимд байгаа цахилгаан дамжуулах агаарын шугам болон гэрэлтүүлгийн шугам унаж, хүмүүс хүчдэлд нэрвэгдсэн нөхцөл байдал байхгүй байсан. Бид тухайн орчмын эвдрэл, гэмтлийг шалгасны үндсэн дээр хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага шалтгаан нөхцөлийг нь тогтоож буй” гэлээ.

Өөрөөр хэлбэл, шугам унаагүй, харин иргэд цахилгааны утас зөвшөөрөлгүйгээр буруу татсанаас хүний амь эрсэдсэн мэдээлэл байна.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК цахилгааны байгууламж, тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах агаарын шугамын бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалтыг хийж буй. Үзлэг шалгалтаар нэг тулгуурын тулаас бэхэлгээ унасан байсныг шуурхай завсарласан бөгөөд одоогоор өөр эвдрэл, гэмтэл гараагүй байна.

Мэдээллийн эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС